Wednesday, May 13, 2015

Улаанбурхан минь баяртай


ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд
2014 оны зургаадугаар сарын  26-ны өдөр Монгол улс “ДЭМБ-аас Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон” гэх батламжийг гардан авсан билээ. ДЭМБ-ын судалгаагаар уг өвчнөөс болж жилд 2.7 сая хүүхэд энддэг бөгөөд халдвар авсан нэг хүүхэд 100 хүнд нөлөөлөх чадвартай байдаг нь тогтоогджээ. Тэгвэл энэ өвчний тархалтыг таслан зогсооход ХӨСҮТ ямар үүрэг гүйцэтгэсэн талаар дэд захирал Г.Сүрэнхандтай цөөн хором ярилцлаа.
Монгол улс ДЭМБ-аас Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламжаа гардаад авчихлаа. Тэгэхээр манай улс улаанбурхан өвчингүй болсон гэж ойлгож болох уу?
Манайд 0-1 хүртэлх насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт сайн байна. Дээрээс нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тууралт халдварт өвчинд хийсэн лабораторийн шинжилгээгээр Улаанбурхан өвчин нэг ч гараагүй нь Монгол улсын хэмжээнд уг өвчин устсаныг баталж байна.
Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоохын тул ХӨСҮТ ямар бодлого хэрэгжүүлж ажилласан бэ?
Бидний хийх гол ажил бол Улаанбурханы вакциныг шинээр төрсөн хүүхэд бүрт хийх юм. Тиймдээ ч “Улаанбурхан өвчнийг таслан зогсоох стратеги”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд бүрийг 9-24 сартайд нь халдваргүйжүүлэх вакцинд халдваргүйжүүлэх вакцинд бүрэн хамруулах, давтан дархлаажуулах зорилтыг хангаж ажилласан. Харин энэ нь ганцхан манай төвийн хүрээнд хийгдсэн ажил биш юм. Учир нь Монголын аль ч газарт төрсөн хүүхэд вакцинд хамрагдах ёстой болохоор улсын эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд хоорондоо хамтарч ажилладаг.
Дархлаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл хэр их тулгарч байна вэ?
Вакцинжуулах явцад аймгийн эмч сум руу явах, сумын эмч баг руу явах зэрэг шаардлагууд гардаг. Харин эдгээр зардалд манай төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй юм. Мөн нэг том бэрхшээл нь шилжин ирж, явж байгаа хүмүүс хүүхдээ өрхийн эмнэлэгтээ бүртгүүлдэггүй. Ингэхээр хүүхэд вакцинд хамрагдаж чадахгүйд хүрдэг. Энэ нь эргээд Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоох ажилд хүндрэл учруулдаг.
Манай улсын хувьд дархлаажуулатлтын вакцинаа хаанаас авдаг вэ?
Манай улс тарилгын бүх вакцинаа импортоор авдаг. Гэхдээ ДЭМБ-ын чанарын стандартыг хангасан хамгийн аюулгүй вакциныг Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангийн элч шугамаар дамжуулан нутгийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар сонгогдсон вакцин үйлдвэрлэгчээс авч байна.
Цаашдаа танай төв ямар бодлого баримталж ажиллах вэ?


Манай улс 2000 онд саа өвчнийг устгасан батламжаа ДЭМБ-аас авч өнөөдрийг хүртэл баталгаатай байдлаа хадгалж ирсэн ч ОХУ-ын Эрхүү хотоос зэрлэг омгийн Полио вирус манай улсад зөөвөрлөгдөн орж ирснээр хүүхэд өвдсөн тохиолдол байдаг юм. Тиймээс бид Хятад болон Орос улстай хил залган оршдог аймаг сумдынхаа вакцинд хамралтыг шалгаж 85 хувиас доош хамралтай аймаг сумдад нэмэлт вакцинжуулалт явуулахад анхаарч, өвчнийг эрт үед нь оношлохоос гадна Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламжаа хадгалж ажиллана.

No comments:

Post a Comment