ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ
Wednesday, May 13, 2015
Ном дор мөргөмү
ГАЙХАМШИГААС ҮҮДСЭН ДОМОГ
“Гайхамшигаас үүдсэн домог” тэмдэглэлийг сонсгоё.
Ус нутаг минь Уртын гол
Лус савдаг минь Алтан овоо
Дуу хуур минь Жаахан шарга
Дарьганга гэдэг Ганга нуур гэх дөрөвхөн шаданд Эх орны минь нэгэн гайхамшиг оршино.
Лус савдаг минь Алтан овоо
Дуу хуур минь Жаахан шарга
Дарьганга гэдэг Ганга нуур гэх дөрөвхөн шаданд Эх орны минь нэгэн гайхамшиг оршино.
Миний бие Монгол орны зүүн хязгаарт орших Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас сонсогчид та бүхэнтэйгээ мэндчилж байна. Дарьганга сум Улаанбаатар хотоос 780км, аймгийн төвөөсөө 180 км зайд оршдог юм. Уул ус тэгширсэн энэ сайхан сумын нэрэнд, их учир бий.
/Хөгжим чангаран хэсэг зуур явж байгаад суларна/
Эрт дээр цагт энэ нутгийн наадам болж Дарьхүү, Гангахүү гэдэг хоёр сайн бөх үзүүр түрүүнд үлджээ. Дарьхүү, Гангахүү хоёр гурван өдөр, гурван шөнө барилдаж хүч тэнцсэн учир нутгийн ард нь Дарьхүүгийн нэрийг овоонд, Гангахүүгийн нэрийг овооны зүүн урд орших нууранд өгч гэнэ. Энэ цагаас хойш нутгийн нэрийг овоо болон овооны зүүн урд байрлах нуурын нэртэй хамтатган Дарьганга хэмээн нэрийдэх болжээ.
/Хөгжим-Дарьганга нутаг/
Энэ домогт гардаг овоо нь сонсогч та бүхний сайн мэдэх эр хүний хийморь, лундааг сэргээдэг Алтан-Овоо билээ. Дарь овоо нь1354м өндөр, унтарсан галт уул бөгөөд эрт дээр үед “Захын хар өндөр” гэсэн нэртэй байжээ. Захын хар өндрийг бүр 1697 оноос эхэлж нутгийн ард тахиж ирсэн байна. 1913 онд Богд хааны зарлигаар Дарь-Овоог төрийн тахилгатай болгож хаврын эхэн сар, намрын дунд сард зөвхөн Орлой мэргэн худагт Лодой Ренчин Бадам л тахидаг байжээ. 1690-ээд оны үед анх тахиж байх үедээ орой дээр нь гэр хэлбэртэй дугуй цагаан суварга барьж дээр нь олон давхарлан алтажсан зэс ганжуур сүншиглэн босгосон нь хаа холоос шижиртэн харагддаг байснаас Дарь овоог Алтан-Овоо гэж нэрлэдэг болсон түүхтэй юм байна. 2004 онд Монгол улсын ерөөнхийлөгч Алтан-Овоог төрийн тахилгат уул болгох зарлиг гаргаж дөрвөн жилд нэг удаа тахидаг болсон байна.
/Хөгжим-Ганга нуур/
Харин Алтан овооны бэлд 4 ам км талбайг эзлэн оршиххурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур бий. Түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нууранд монголын улаан номд ордог гангар хун, цэн тогоруу зэрэг нэн ховор шувууд ирж зусдаг бөгөөд намар буцахдаа өнжин хонон,олон хоног саатан чуулдаг учиртай. Энэ жилийн хувьд 10-р сарын 21-23-ны өдрүүдэд тохиож байгаа бөгөөд Холбоо хоёр нуур болон Ганга нуурт нийтдээ 6000 гаруй хун чуулж байна гэж нутгийн ард нь ярьсан юм. Хэдий намрын сэрүүн орсон ч тал нутгаар сайхан дулаахан байна. Тэнгэрийн хаяа улайран наран жаргаж Ганга нуур цагааран харагдана.Олон зуун хун шувууд янз бүрийн дуу авиа гарган ганганалдахыг сонсон, тал нутгийн салхинд бүүвэйлэгдэж зогсоход хамрын самсаа өөрийн эрхгүй шимширч байгааг нуух юун. Хун шувууд олноороо чуулсан энэ газарт , хүн зоны хөл тасрахгүй байсны дунд монгол жуулчид их харагдаж байсан нь сонирхолтой санагдсан юм.
СУР: Монгол залуус сүүлийн үед гадаад улс орон руу аялахаасаа илүү монгол орноороо аялахыг илүүд үздэг болжээ. Залуу хүний хувьд яагаад хунгын чуулганыг ирж үзэх болсон юм бэ?
Охин:Миний хувьд болохоор залуу хүн эх орноороо заавал аялж, гайхалтай газруудыг мэдэх ёстой гэж боддог. Тийм учраас энэ нуурыг зорьж ирсэн.
СУР:Анх удаагаа хунгийн чуулганыг үзэж байна уу?
Охин:Тийм. Анх удаагаа ирж байна. Хун гэдэг амьтныг ч гэсэн анх удаагаа харж байна. Сэтгэгдэл маш өөдрөг байна. Төсөөлж байснаас ч илүү өөр мэдрэмжийг өгч байна.
Сур:Түрүүнээс хойш өөрийг чинь ажиглалаа. Нилээд бодлогоширонгуй харагдсан. Ер нь энэ гайхалтай дүр зургийг харахад Монгол хүний хувьд сэтгэлд юу бууж байх юм?
Охин:Эх нутгаараа л маш их бахархаж байна. Хун шувууд зарим газар нүүдэллэж очдоггүй. Гэтэл өчнөөн олон мянгаараа энэ нууранд суух газаргүй болтлоо чуулж чадаж байна гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Яг л зураг шиг гайхалтай харагдаж байна бас бахархаж байна.
СУР: Хунгийн чуулганыг хэд дэх удаагаа үзэж байна вэ?
Бүсгүй:Би багаасаа энэ нутагт өссөн. Харин одоо бол Улаанбаатар хотод амьдарч байна. Мэдээж жил болгон л нутгийнхаа энэ сайхан газрыг зорьж ирж үздэг.
СУР: Энэ үзэсгэлэнт дүр зургийг харахад юу бодогдож байх юм?
Бүсгүй:Сайхан ш дээ. Миний нутагт ийм сайхан зүйл байна гэдэг их сайхан. Энэ 2000, 3000-лаа чуулсан энэ хун шувууд чинь нэг л өглөө босоход бүгдээрээ нисээд явчихаар нь эзгүйрдэг ч их сайхан санагддаг.
Хунгийн чуулганыг үзсэн хүмүүсийн дунд хөөрөн догдолж, гэгэлзэн санааширч, гэгээн гунигтай үлдсэн нь ч байхад Ганга нуурын хөвөөнөөс шүлэг дуу зохиолгүй буцсан яруу найрагч гэж үгүй биз ээ. Тэдний нэг Монголын нэрт яруу найрагч Явуухулан гуай
Ганга нуур минь байгаа болохоор
Хун цэнгийн дуу тасрахгүй
Ганга нуур минь байгаа цагт
Миний эх орон хэзээд мөнх
Ганга нуураас буцсан хун намартаа заавал цугладаг
Ганга нуураас явсан хүн насандаа заавал ирдэг хэмээн нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. "Бүсгүй хvний мэлмий гэлтэй Ганга нуур, Дарь уулын тэргvvнийг мєнх ширтсэн байдаг юм. Алтан-Дарь уул Ганга нуурын мандлыг үргэлж єнгийн харж байдаг гэлцэнэ. Vvрд биесээ шvтэж байдаг уул, нуур хоёрын ийм нэгэн барилдлага дунд үзэсгэлэнт хун үеийн үед чуулж хvн зоноо жаргуулан цэнгээж, уяруулан ухаажуулж байх болтугай.
Улаанбурхан минь баяртай
ХӨСҮТ-ийн дэд захирал Г.Сүрэнханд |
Монгол улс ДЭМБ-аас Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон батламжаа гардаад авчихлаа. Тэгэхээр манай улс улаанбурхан өвчингүй болсон гэж ойлгож болох уу?
Манайд 0-1 хүртэлх насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамралт сайн байна. Дээрээс нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тууралт халдварт өвчинд хийсэн лабораторийн шинжилгээгээр Улаанбурхан өвчин нэг ч гараагүй нь Монгол улсын хэмжээнд уг өвчин устсаныг баталж байна.
Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоохын тул ХӨСҮТ ямар бодлого хэрэгжүүлж ажилласан бэ?
Бидний хийх гол ажил бол Улаанбурханы вакциныг шинээр төрсөн хүүхэд бүрт хийх юм. Тиймдээ ч “Улаанбурхан өвчнийг таслан зогсоох стратеги”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд бүрийг 9-24 сартайд нь халдваргүйжүүлэх вакцинд халдваргүйжүүлэх вакцинд бүрэн хамруулах, давтан дархлаажуулах зорилтыг хангаж ажилласан. Харин энэ нь ганцхан манай төвийн хүрээнд хийгдсэн ажил биш юм. Учир нь Монголын аль ч газарт төрсөн хүүхэд вакцинд хамрагдах ёстой болохоор улсын эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд хоорондоо хамтарч ажилладаг.
Дархлаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй зүйл хэр их тулгарч байна вэ?
Вакцинжуулах явцад аймгийн эмч сум руу явах, сумын эмч баг руу явах зэрэг шаардлагууд гардаг. Харин эдгээр зардалд манай төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй юм. Мөн нэг том бэрхшээл нь шилжин ирж, явж байгаа хүмүүс хүүхдээ өрхийн эмнэлэгтээ бүртгүүлдэггүй. Ингэхээр хүүхэд вакцинд хамрагдаж чадахгүйд хүрдэг. Энэ нь эргээд Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоох ажилд хүндрэл учруулдаг.
Манай улсын хувьд дархлаажуулатлтын вакцинаа хаанаас авдаг вэ?
Манай улс тарилгын бүх вакцинаа импортоор авдаг. Гэхдээ ДЭМБ-ын чанарын стандартыг хангасан хамгийн аюулгүй вакциныг Монгол дахь НҮБ-ын хүүхдийн сангийн элч шугамаар дамжуулан нутгийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар сонгогдсон вакцин үйлдвэрлэгчээс авч байна.
Цаашдаа танай төв ямар бодлого баримталж ажиллах вэ?
Манай
улс 2000 онд саа өвчнийг устгасан батламжаа ДЭМБ-аас авч өнөөдрийг
хүртэл баталгаатай байдлаа хадгалж ирсэн ч ОХУ-ын Эрхүү хотоос зэрлэг
омгийн Полио вирус манай улсад зөөвөрлөгдөн орж ирснээр хүүхэд өвдсөн
тохиолдол байдаг юм. Тиймээс бид Хятад болон Орос улстай хил залган
оршдог аймаг сумдынхаа вакцинд хамралтыг шалгаж 85 хувиас доош хамралтай
аймаг сумдад нэмэлт вакцинжуулалт явуулахад анхаарч, өвчнийг эрт үед нь
оношлохоос гадна Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосон
батламжаа хадгалж ажиллана.
Төр улс дотор Гэр улс бат оршихуйн нууц
Ардын
уран зохиолч Тангадын Галсан гуайн туурвисан “Төр улс дотор Гэр улс бат
оршихуйн нууц” хэмээх номны нээлтийн ёслолын ажиллагаа 2014 оны
долоодугаар сарын есөнд ХАХНХЯ-ны хурлын танхимд боллоо. ХАХНХЯ-аас
2014 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласны хүрээнд хийсэн
ажуудын нэг нь уг ном юм байна. “Төр улс дотор Гэр улс бат оршихуйн
нууц” ном нь ганц бие залуус байтугай гал голомтоо хэдийнэ асаасан хүн
болгонд амьдралдаа шууд аван хэрэглэж болохуйц ардын бэлэг сургаал, ёс
заншил, домог, онч үгсийг шигтгэсэн, сэнхрүүлэг эсээ хэлбэрээр
бичигдсэнээрээ онцлог гэнэ. Энэхүү ном нь нийтдээ зургаан бүлэгтэй
бөгөөд Гэр улсыг байгуулахын өмнөх таван бэлтгэл, тас татгалзах таван
хориг, Гэр улсыг өөд татах найман гэгээн үйлс, удмын гал голомтыг устгаж
мэдэх долоон хар аюул гэх мэт мэдүүштэй, санууштай олон зүйлсийг
багтаажээ. Номын нээлтийн төгсгөлд Тангадын
Галсан гуай “Их зохиолч Д.Нацагдорж гуай Монголын үрс маш олон болтугай
гэж ерөөсөн байдаг. Харин би Монголын гэр улс төдхөн нэг саяд хүрээсэй,
Төр улсын доторх Гэр улс болгон нь
Эзэгнэсэн өмч хөрөнгөтэй
Эрхэлсэн ажил хөдөлмөртэй
Эргэж хөрвөдөг орлоготой
Эх оронч сэтгэлтэй
Эрдэм ном шүтээнтэй
Эрх чөлөө, жаргалтай
Эв нэгдлийн гагнаастай
Энхжин мөнхжин болтугай гэж ерөөе” гэсэн юм.
Subscribe to:
Posts (Atom)